10.24.2009

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА

010-2011 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, геологи /гидрогеологи/, мал эмнэлэг, экологи, газар тариалан, хүнд үйлдвэр /эрчим хүч/, анагаах ухааны чиглэлээр чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, хөдөө аж ахуй, эдийн засаг /худалдаа/, мэдээллийн технологи чиглэлээр англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 3 хүнийг тус тус шалгаруулна.Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь зарлагдсан мэргэжлийн чиглэлээр бакалаврын боловсролын зэрэгтэй, бүх түвшинд 3,25-аас дээш голч дүнтэй суралцсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, англи хэлний бэлтгэлтэй 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг Боловсролын үнэлгээний төвийн 107 тоот өрөөнд 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд бүртгэх тул доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн авчирна уу:

1. Ажил байдлын тодорхойлолт;
2. Бакалавр, магистрын дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлага гэсэн гурван үе шаттай зохион байгуулна. Англи хэлний шалгалт болон мэргэжлийн шалгалт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд явагдана. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Хэлний шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.

Мэргэжлийн шалгалтыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжлийн онцлогоос шалтгаалан математик, химийн шалгалтын аль нэгийг тестээр авна. Мэргэжлийн шалгалтад мөн 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгалтын оноог 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.

Шалгалтад оролцогчдыг хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, бакалаврын болон магистрын сургалтад хамрагдаж болох тус бүр 6 хүнийг нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулж, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Нэр дэвшигчдийн материалыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад оруулахаар хүргүүлнэ. Ярилцлага англи, чех хэл дээр явагдах бөгөөд шалгалтыг зохион байгуулах байр, хугацааг шалгуулагчдад Элчин сайдын яамнаас утсаар мэдэгдэнэ.

Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн материалыг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүлээн авч, Чехийн талд хүргүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг Чехийн тал гаргана. Шалгалтад тэнцсэн оюутан нь гадаад орноос хүлээн авах тухай албан ёсны эцсийн хариу ирэх хүртэл сургуульдаа үргэлжлүүлэн суралцана.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Магистрын сургалт англи хэл дээр явагдах тул энэ сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангидаа элсэн суралцана. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалыг хариуцан санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.

3 comments:

  1. hunii naimaand yvchihviidee busad ni ch yaahav ntr

    ReplyDelete
  2. zasgin gazar ni huni naimaa hiivel ch uul ni alban yosoor aimar olnodoo haha

    ReplyDelete
  3. Өөнөө чи ингэхэд иймэрхүү юм их оруулахийн эх сурвалжаа хаанаас олжийнаа

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D