9.14.2010

Мөнхийн Шалтгаан

Яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай



Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..

4 comments:

  1. hairaar bi amidardgaa goy bn. dahiad goy yum hiigerei

    ReplyDelete
  2. Tasarhai shuleg yum aa. Daan ch uuruu zohiogoogui yuim baina.

    ReplyDelete
  3. haha яаж ч бодсон миний скилл хүрэхгүй л дээ хохо

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа. Үүгээрээ та бидэнд урам зориг огч байгаа юм шүү :D